Халхын 16 дахь үеийн Сэцэн хан Артсэд хан ширээнд сууж байх үедээ буюу 1826 онд Өндөрхаан уулын өвөр бэл Хэрлэн голын хөвөөн дэх Цагаан-Эрэг хэмээх газар өөрийн албат, гэр хотлоороо суурьшжээ хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Хэрлэн голын хөвөөнөө Цагаан эрэгт бууснаар үүсэлтэй Чингис хотын үндэс суурь тавигдаж өдгөө 188 жил болж байна.
Бидний ажиллаж, амьдарч буй их эзэн хааны нэрээр нэрлэгдсэн “Чингис хот” нь анх Сэцэн ханы өргөө, Сэцэн ханы хүрээ нэртэй байжээ. Чингис хот нь 1923 оны Монгол улсын засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар Хан Хэнтий уулын аймаг байгуулагдахад 1923-1931 онд Мөрөн, Баянхутаг, Идэрмэг сумд багтсан Өндөрхаан уулын хошууны төв, 1931-1952 онд Хэнтий аймгийн төв, 1952-1961 онд Хэнтий аймгийн төвийн хороо захиргаа гэж нэрлэгдэж байгаад Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 06 сарын 20-ны өдрийн 136-р зарлиг, Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 1 сарын 5-ны өдрийн тогтоолоор Хэнтий аймгийн төвийг Өндөрхаан хот гэж нэрлэхээр шийдвэрлэсэн байна. Дөлгөөн Хэрлэн их мөрний хөвөөнд төвлөн суурьшсан эртний буурал түүхт, их хаадын цадиг оршсон “Өндөрхаан хот”-ыг 2013 оны 11 сарын 18-ны өдрийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн нээлттэй зургаадугаар хуралдааны 01 тогтоолоор эзэн Чингис хааны нэрээр “Чингис хот” хэмээн нэрийдсэн.
Ойг тохиолдуулан аймаг, сумын хэмжээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгуулж байна.
· Сумын аврага шалгаруулах шатрын тэмцээн. 2014.11.15,16-нд
· Сумын аврага шалгаруулах цолтой цолгүй бөхчүүдийн барилдаан. 2014.11.15,16-нд
· Сумын аврага шалгаруулах өсвөрийн Үндэсний бөхийн барилдаан 2014.11.15,16-нд
· Хөлбөмбөгийн тэмцээн. 2014.11.16-ны өдөр Төрийн байгууллагуудын дунд зохион байгуулагдана.
· “Чингис хот” 3-н цагийн хэлхээ сэдвийн дор Телевизийн нэвтрүүлэгт Сумын ИТХ-ын дарга А.Энхбаяр, Чингис хотын захирагч Н.Базарханд, 3-р багийн ахмад настан н.Лувсандорж, Музейн тайлбарлагч н.Эрдэнэсувд нар оролцоно.
· Аймгийн ИТХ-ын 11-р хуралдаан Аймгийн Телевизээр шууд нэвтрүүлнэ. 2014.11.18-нд
· Түүхийг ард түмэн бүтээдэг. Аймгийн ИТХ, төлөөлөгчид, иргэд 2014.11.18-нд
· “Чингис хот”-ыг хэн сайн мэдэх вэ? Асуулт хариултын нэвтрүүлэг шууд утсаар
· Хотын үүсэл хөгжлийн талаархи хичээл Ерөнхий боловсролын сургууль, МСҮТ сурагчдад