Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

Хэрлэн сумын ИТХ-н Тэргүүлэгч, төлөөлөгч Тахилгат тосгоны захирагч Ш.Шинэбаяр хэнтий мэдээ агентлагт ярилцлага өглөө.

2019-09-12


Ш.Шинэбаяр: МАНАЙ ТОСГОНЫ ХУВЬД ХАМГИЙН ТОМ ТУЛГАМДСАН АСУУДАЛ ШИЙДЭГДЭЖ БАЙГАА

Энэ удаагийн дугаарт Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ш.Шинэбаяр уригдан оролцлоо. Тэрбээр 2016 оноос Хэрлэн сумын Иргэдийн хурлын ажлын албанд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ оны 4 сараас Тахилгат тосгоны захирагчаар сонгогдон ажиллаж байна.

Тус тосгон 1954 онд байгуулагдаж, 2000 оны сүүлээр Тахилгат тосгон болсон бөгөөд ирэх онд 20 жилийн ой нь тохиох юм.

- Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу та?

-.Сайхан намаржиж байна. Хэнтийн мэдээ сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.

- Тахилгат тосгоны хувьд зуншлага ямархуу байв? Намрын ажил ид өрнөж байгаа биз дээ?

-Өө тэгэлгүй яахав. Манай Тахилгат тосгонд хавар оройтож хур орсон болохоор өвс ногоо зарим хэсгээрээ сайхан ургасан. Намар сайхан эхлэж байна. Манай нутгийн намар сайхан шүү дээ. Хэдий тийм ч хүйтнээс өрсөж өвлийн бэлтгэлээ цаг хугацаандаа хийхгүй бол өвөл биднийг хүлээхгүй. Сумын болон аймгийн засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгаврын хүрээнд нийт 500 боодол өвс бэлтгэнэ. Энэ ажил одоогоор 80 гаруй хувьтай явагдаж байна. Малчид маань бас дор бүрнээ хадлан тэжээлээ бэлдээд, худаг усаа засч янзлаад  явж байна.

 - Танай тосгонд мал бүхий хичнээн иргэд байдаг вэ? Улс аймгийн сайн малчид энэ жил төрөн гарсан уу?

-Нийт 213 малчин өрх байдаг. 2019 оны байдлаар 105105 толгой мал тоолуулсан. Мал сүргээ 5 төрөлд жигд өсгөсөн амжилттай байлаа. Энэ жил Төмөрийн Сэдэд шинээр аймгийн аварга малчин боллоо. Сумын аварга малчнаар Н.Ганбаатар тодорсон. Мөн шинээр 4 мянгат малчидтай болсон.байгаа.

- Хичнээн хүн амтай вэ? Суманд ажлын байр болоод ажилтай хүмүүс хэр олон байдаг вэ?

-Манай тосгон нийт 796 хүн амтай. Үүнээс 230 орчим нь 15-35 насны залуучууд байдаг. Төрийн албан хаагч гэвэл эрүүл мэндийн төв, цэцэрлэг, захирагчийн ажлын алба гэсэн 3 төрийн байгууллагад......хүн ажиллаж байна. Ихэнх нь малчин мал бүхий иргэд байдаг. Өнгөрсөн жил манайхаас 2 хүн ЖДҮД төсөлд хамрагдсан.

Бичил уурхайн чиглэлээр нөхөрлөл ажиллаж жонш олборлож байна. Өнгөрсөн 5 сард Сумын ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны дарга, Г.Бат-Эрдэнээр ахлуулсан цагдаа мэргэжлийн хяналт, байгаль орчны холбогдох мэргэжилтнүүдийн хамтарсан хяналт шалгалтыг хийж, эдгээр нөхөрлөлүүдэд хууль тогтоомжуудын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг шалгаж гарсан зөрчил дутагдлуудыг арилгуулж, газар дээр нь арга хэмжээ авч ажилласан байгаа.

- Тосгонд цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. СӨБ-д хамрагдах ёстой нийт хүүхдүүдийн хэдэн хувийг бүрдүүлж чадаж байна вэ?

-Манай цэцэрлэгт энэ жил нийт 24 хүүхэд хүмүүжиж байна. Холимог бүлэг гэж явдаг. Үүнд тосгоны ойролцоо амьдардаг малчдын болон төрийн албан хаагчдын хүүхдүүд хамрагддаг. Өнгөрсөн жил манай цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомын хүрэлцээ муу байсан. Тосгоноосоо сонгогдсон П.Сарантуяа төлөөлөгчтэй хамтраад 500.000 мянган төгрөгийн тоглоом авч өгсөн байгаа.

 

- Таны хувьд энэ тойргоос сонгогдсон төлөөлөгч хүн. Ер нь ажил авснаасаа хойш хийж бүтээсэн онцлог, бодит ажил юу байна?

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ манай тосгоны иргэдтэй уулзалт хийсэн. Иргэд маань ч тун идэвхтэй оролцсон. Тухайн үед тосгоныхоо эрүүл мэндийн төвийг шинэчлэх саналыг хүргүүлэхэд хүлээн авч засгийн газрын нөөц сангаасаа шийдвэрлэж өгөхөө илэрхийлсэн. Ирэх 10-р сарын эхээр бүтээн байгуулалт эхлэх гэж байна. Мөн манай тосгон өнөөдрийг хүртэл тог цахилгааны хувьд хүндрэлтэй явж ирсэн. Үе үеийн захирагч  нар энэ асуудлыг шийдэхийг эрмэлзэж  ирсэн. Миний хувьд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноосоо хойш энэ асуудлаар санал дэвшүүлж байсан.  Ингээд аймаг орон нутгийн дэмжлэгээр Бэрхээс нааш улсын төсвийн 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий шинээр эрчим хүчний ажил хийгдэж байна. Хуучин байсан эрчим хүч нь 2012 онд суурилуулагдаж байсан юм. Түүнээс хойш ойр ойрхон гэмтэл гарна. Хүчтэй салхи, шуурга, бороо ус зэрэг байгалийн хүчин зүйл тохиолдох бүрт л 10 орчим сая төгрөгийн хохирол учирхуйц гэмтдэг байсан. Анх туршилтын журмаар тавьсан тог юм байна лээ. Харин энэ жилээс эхлээд 380-ын байнгын тогтой болох боломжоор хангагдаж байна. 10-р сарын 20 гэхэд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэхэд аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэг, иргэдийн оролцоо чухал нөлөөлсөн гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Манай тосгоны хувьд хамгийн том тулгамдсан асуудал шийдэгдэж байгаад маш их баяртай байгаа

-Үндсэн хуулийн өөрчлөлт ид яригдаж байна. Орон нутагт тэр тусмаа нутгийн удирдлагын байгууллагын анхан шатны нэгжид ажиллаж байгаа хүний хувьд хэлэлцэж байгаа асуудлыг хэрхэн үзэж байна.

-Багийн засаг дарга, сумынх ч ялгаагүй нутаг орон, хүн зоныхоо ажил амьдрал, байгаль дэлхий, газар шороо, ан гөрөө, өвс ургамал, мал сүргийнхээ байр байдлыг гарын арван хуруу шигээ мэддэг хүн байх хэрэгтэй гэж боддог, Манай хөдөөд улс төржинө гэж нэг аюул бий. Ах дүүс дотроо, айл хөршүүд ч гэсэн талцан хуваагдах нь бий. Тийм болохоор зөв хүнээ өөрсдөө сонгох нь амьдралд илүү ач холбогдолтой байж болох юм.

-Та цаашдынхаа ажлын зорилгоос бидэнд хуваалцаач?

-Миний хувьд өмнө нь ажиллаж байсан Засаг дарга нарынхаа ажлыг үргэлжлүүлж, төрийн албаны залгамж чанар байх ёстой гэдэг зарчмаар ажилладаг. Манай тосгоны 700 гаруй хүн амын 230 орчим нь залуучууд болохоор соёлоор цангана шүү дээ. Тиймээс залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар бий болгохоор шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч ажиллахыг хичээж байна даа. Үүний эхлэл болгож сумын Засаг даргын дэмжлэгээр 5 сая төгрөгийн хөгжим аппаратурыг шийдэж өгсөн. Тог цахилгааны асуудал маань жигдрээд ирэхээр төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлээд явна. Мөн ахмадаа дэмжсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.


http://news.khentiinews.mn/r/1490?fbclid=IwAR3PbgAUAoTKfkW3e1rk2IG636RK0lYUMLFEY5HIMaV9xxms0TnTOq_zwcM




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%