Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим хуудас

Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй. Төрийн эрх мэдэл ч, төр засаг ч адилхан ард түмнээс үүсэлтэй.

ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТҮҮХ.. №1

2023-03-13

Хэнтий аймаг Хэрлэн сум нь засаг захиргааны 8 н багийн 7552 өрхийн 23647 хүн амтай. Аймгийн төв Чингис хотод нийт өрхийн 93 хувь, хүн амын 89,9 хувь нь оршин суудаг. Хэрлэн сумын төвд 6 баг, хөдөөд 2 тосгон, үүнд: Чингис хотоос 50 км зайд Өлзийт, Тахилгат тосгон оршидог. Сумын ИТХурал нийт 31 төлөөлөгчтэй, 7 н зөвлөлийн гишүүдтэй. 2023оны байдлаар Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба нь дарга /Г.Бат-Эрдэнэ / , нарийн бичийн дарга /З.Энхболд/, ажлын албаны мэргэжилтэн /Э.Хулан, Ж.Оюунгэрэл, Б.Ганбат/, нягтлан /О.Санжид/, гэсэн 6 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Түүхэн товчоо Сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 1924-1940 он хүртэл арван гэрийн, баг, хошууны хурал, 1940-1952 он хүртэл сумын Хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн хурал, 1952- 1960 онд Хөдөлмөрийн депутатын хурал 1960-1989онд сумын Ардын депутатын хурал, 1989 оны 05-р сараас 1992 оны 09 сар хүртэл Ардын хурал, 1992 оны 09-р сараас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж нэрлэгдэн үйл ажиллагаагаа явуулж иржээ. 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд ноёд ихсийн удам угсаа залгамжлан аймаг хошуу захирдаг ёсыг халж, ард олноос сонгогдсон төлөөллийн хурлуудаар нутгийн захиргааг байгуулж эхэлсэн. 1923 онд Монгол улсын Нутгийн захиргааны дүрмийг баталсан бөгөөд түүний 1-р зүйлд ... “арван гэрээс дээш баг, сум хошуу, аймаг, улсын засгийн газар хүртэл тус тусын ардын төлөөлөгчдийг сонгон хуралдуулж дэс дараалан хурал байгуулж, элдэв хэрэг үйлийг шүүмжлэн хэлэлцүүлж, олонхийн саналаар таслан тогтоож, ардын эрхийг эрхэмлэн хүндэтгэвэл зохино” хэмээн зааснаар нутгийн захиргааны дүрмийн дагуу хурлуудыг сонгон зохион байгуулах ажил 1924 онгоос эхэлж мөн оны 11-р сард Улсын анхдугаар хурал ажиллаж эхэлснээр хурлын нэгдсэн систем бүрэлдэн тогтох эхлэл тавигджээ. Энэ систем нь арван гэрийн, баг, сумын, хошууны, аймгийн хурал болон Улсын их хурал гэсэн 6 шатлалаас бүрдсэн байна. 1924 онд батлагдсан Монгол улсын анхдугаар үндсэн хуулийн 30-р зүйлд “... нутгийн захиргааны хууль дүрэм ёсоор аймаг, хошуу, сум, баг, арван гэр хүртэл олон хотын газар, орон нутагт “хурал” байгуулбал зохино.” хэмээн анх удаа төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагыг хурал гэж нэрлэн хуульчилж өгсөн байна. Тухайн үед Өндөрхаан уулын хошуу нь 150 өрхөөс бүрдсэн сум, 50 өрхөөс бүрдсэн баг, 10 өрх бүхий арван гэсэн нэгжүүдэд хуваагдаж тус бүрийг ард олноос сонгогдсон дарга толгойлох болсон байна. 1924-1952 онуудад арван гэрийн, баг, хошууны, хурлууд хуралдаж, төлөөллөө аймгийн хурал буюу аймгийн хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн хуралд сонгож байжээ. 1952 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 10-р зарлиг, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 3-р сарын 06-ны өдрийн 367 дугаар тогтоолоор Мөрөн сумын 11,12-р багуудаас бүрдэл болсон 4-н хоринтой “Өндөрхаан хороо захиргаа” байгуулагдсанаар 1952-1961 онуудад Өндөрхаан хороо захиргаа нь тухайн үеийн сонгуулийн шинэ системээр үйлдвэр, албан газар, ОСГ-ны хорооны хурлуудыг хуралдуулан сонгуульд төлөөллөө нэр дэвшүүлж, нууц санал хураалтаар аймгийн хөдөлмөрчдийн депутатуудын хуралд болон сумдын депутатуудын хуралд сонгох болсноор 8 9 Хэнтий аймгийн Хэрлэн сум Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдийн төлөөлөл болсон хурлууд нь төр түшилцэх орон нутгийн дээд эрх барих байгууллага болох шинэ тогтолцоонд шилжиж аймаг, сумдын Ардын Депутатын Хурал гэж нэрийдэх болжээ. Өндөрхаан хороо захиргаа нь 1960 оны 6-р сарын 20-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 136-р зарлигаар Хэнтий аймгийн төвийг “Өндөрхаан хот”, 1961 оны 01-р сарын 05 ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 3-дугаар тогтоолоор Өндөрхаан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа болон өөрчлөгдсөнөөр хурлын үйл ажиллагаа нь байнгын ажиллагаатай сумын дээд эрх барих байгууллага болох эхлэл тавигджээ. Сумын ардын хурлын депутатууд хуралдаж чуулах үеийг чуулган гэх бөгөөд чуулганы чөлөө цагт тухайн чуулган дээр сонгогдсон чуулганы дарга хурлаа удирдаж чуулганы завсраар гүйцэтгэх захиргааны дарга сумыг удирддаг байв. Ийнхүү сумын хурал 1961-1992 онд сумын Ардын депутатын хурал гэж нэрийдэн ард олноос сонгогдсон төлөөллийн хурлуудаараа нутгийн захиргаагаа байгуулж төрийн эрх барьдаг орон нутгийн байгууллага байсан. Өөрөөр хэлбэл хурал, захиргаа хоёр нэгдмэл нэг байгууллага байж төрийн төвлөрсөн удирдлагаар хангаж иржээ. Өндөрхаан хот, сумын АДХ-ын даргаар 1960-1961 онд О.Лувсанжамц, 1961-1971 онд Н.Гэндэн, 1971-1978 онд Ч.Гонгор, 1978-1980 онд Ч.Тэрбиш, 1980-1985 онд Д.Чимэддорж, 1985-1986 онд Ч.Дорлиг, 1986- 1990 онд Г.Гомбодорж, 1990-1992 онд М.Гантөмөр, 1992 онд А.Очир нар ажиллаж сум, орон нутгаа удирдаж орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн бодлогыг тодорхойлоход түүхэн үүрэг гүйцэтгэн хэрэгжүүлж иржээ. 1952 оны сонгуулийн системээр орон нутгийн аймаг, сумын сонгууль 1992 он хүртэл нийт 17 удаагийн Хөдөлмөрийн депутатын болон Ардын Депутатын Хурлын сонгууль явагдаж ирсэн нь үндсэн хуулинд заасан сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлж ирсэн чухал түүхэн үйл явдал байсан юм. Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсан нь орон нутгийн удирдлагын тогтолцоог цоо шинэ бүтэцтэйгээр хуульчилж, мөн онд батлагдсан “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” нь орон нутгийн удирдлагын эрх үүрэг, байгуулагдах, сонгогдох, томилогдох зарчмуудыг зааж өгснөөр орон нутагт засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт орж хурлын байгууллагууд нь биеэ дааж ажлаа явуулах хууль зүйн үндэс бүрдсэн юм. Шинэ үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн хурал, тухайн хуралдааны чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид мөн гэж зааснаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч байгуулагдаж үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан юм. Өнгөрсөн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллагууд хоёр үе шатыг туулж ирсэн гэж үздэг. 1-р үе шат нь 1992-1994 оныг хамарч байна. Энэ нь нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат юм. Энэ үе шатанд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай болон хот тосгон, нийгмийн эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдсан нь орон нутгийн удирдлагын эрх үүрэг, байгуулагдах, сонгогдох, томилогдох зарчмуудыг зааж өгснөөр орон нутагт засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтанд томоохон өөрчлөлт орж хурлын байгууллагууд нь биеэ дааж ажлаа явуулах хууль зүйн үндэс бүрдэж ИТХ-ын сонгууль явагдаж, орон нутгийн хурлууд байгуулагдаж Засаг даргаа сонгох, ЗДТГ-ыг эмхлэн байгуулах, нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц орон тоо, зохион байгуулалтыг тогтоох зэрэг арга хэмжээнүүд хэрэгжсэн бөгөөд зах зээлийн харилцааны үед Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын чиг үүргийг эхнээс нь оновчой зөв тодорхойлох, боловсон хүчнийг сургах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ба тухайн үеийн хуулиар 1992-1994 онд төлөөлөгчдийн бүрэн эрх нэг жилийн хугацаатай, 1994-1996 онд хоёр жилийн хугацаатай байсан учир төлөөлөгчид 1992-1996 онд 3 удаа өөрчлөгдөж байсан бөгөөд 1996 онд төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа 4 жил болж, хурлын дарга орон тоогоор ажиллах болсноор нутгийн удирдлагын байгууллагын шинэ тогтолцооны хоёрдугаар үе шат өнөөг хүртэл үргэлжилж байна. Сумын хурлын түүхэнд хоёр онцлог зүйл тэмдэглэгдсэн үлдсэн байдаг. Нэгдүгээрт: 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан Өндөрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаан буюу Өндөрхаан, Хэрлэн сумдыг нэгтгэх тухай асуудлыг хоёр сумын хурлын 50 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан анхдугаар хуралдаанаар шинээр байгуулагдах сумыг Хэрлэн, хотыг Өндөрхаан гэж нэрлэхээр санал нэгтэй тогтон тус хуралдаанаас хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан явдал байлаа. Хоёрдугаарт: Тухайн үед төлөөлөгчид бүрэн эрхийнхээ хугацааны дагуу 3 удаа шинэчлэгдэж байсан бол сум нэгдэхтэй холбоотойгоор сумын хурлын төлөөлөгчид 4 удаа шинэчлэгдсэн байдаг. Мөн 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаан буюу анхдугаар хуралдаанаар Хэрлэн, Өлзийт сумдыг нэгтгэх тухай асуудлыг хэлэлцэн бүрэлдэхүүнээ шинэчлэн байгуулж байжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3883
2686 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%