ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТҮҮХ №2 1992-1996 ОН
ХЭНТИЙ АЙМГИЙН ӨНДӨРХААН /ХЭРЛЭН/ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 1992-1996 ОН.
Монгол улсын шинэ “Үндсэн хууль”-ийн дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох анхдугаар сонгуулийн Өндөрхаан /Хэрлэн/ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 1992.10.17-ны өдөр хуралдаж, сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн орон тооны бус анхны даргаар: Б.Нэргүй “Буудайн цацал” компаний захирал, Тэргүүлэгчдэд: А.Энхбаяр /Аймгийн ХЭАХН-ийн тэргүүн/, Х.Дамдин /багш/, Б.Цэнджав /Аймгийн АДХГЗ-ний ажилтан/, Д.Лхагвадорж /аймгийн халамжийн байцаагч/, Г.Ганбат /аймгийн даатгалын дарга/, С.Дамбийжанцан / Өндөрхаан хотын намын хорооны дарга асан өндөр настан нар сонгогджээ. Мөн тус хуралдаанаар Сумын засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Ч.Адъяа Хэрлэн сумын анхны Засаг дарга бөгөөд Өндөрхаан хотын захирагчаар сонгогдож, төлөөлөгч Б.Нэргүй, Ч.Адъяа, А.Энхбаяр, Б.Цэнджав, Н.Дамдинсүрэн / Аймгийн ЭХНҮ-ийн ҮЭ-ийн хорооны дарга/ нар олонхын саналаар аймгийн ИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогджээ. Сумын орон тооны анхны ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар С.Балчиндорж 1992-1996 онд ажилласан бөгөөд ИТХ-ын ажлын албаны ажилтнаар Д.Даваасүрэн нар ажиллажээ.